aaaaaa

Feb 11, 2014

Ротаракт гэж юу вэ?Дэлгэрэнгүй мэдээлэл (Монгол орчуулга)


Ротаракт клубууд нь даян дэлхийд энх тайван байдал тогтоох, улс түмэн харилцан ойлголцоход тус дөхөм үзүүлэх гэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтын нэгээхэн хэсэг мөн. Энэхүү хүчин чармайлт орон нутгийн түвшинд гараагаа эхэлсэн хэдий ч түгэн дэлгэрч буй цар хүрээ нь хязгааргүй уудам юм. Ротаракт клубын гишүүд нь Ротари Интернейшнл, Ротари Сан зэрэг байгууллагуудаас тал бүрийн дэмжлэг авдаг.


Түүхэн замнал

Ротаракт клуб ахар богинохон боловч эрч далайцтай түүхэн замналыг туулахдаа асар хурдацтай хөгжиж байна. 1960-аад оны эхээр Ротаракт клубууд дэлхийн өнцөг булан бүрт орон нутгийг хөгжүүлэх олон төслийн хүрээнд оюутан залуучуудад хандивын дэмжлэг үзүүлж эхэлсэн билээ. 1967-1968 онд Ротари Интернейшнлийн ерөнхийлөгч Лютер Х.Ходжес болон тус байгууллагын захирлуудын зөвлөл энэхүү клубын үйл ажиллагааны хамрах хүрээг олон улсын шинж чанартай болгох нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд 1968 онд Ротарактыг Ротари клубуудын албан ёсны хөтөлбөр болгон баталсан юм. Ийнхүү 1968 оны гуравдугаар сарын 13 –нд Умард Шарлотте (АНУ-ын Умард Каролина муж улс) хотын Ротаракт клуб анх түрүүнд байгуулагдсанаа зарлан тунхаглав.

Үүнээс хойш хэдэн арван жил өнгөрөхөд Ротаракт хөтөлбөр 150 гаруй улс орон, газар нутаг дахь 7300 клубыг нэгтгэсэн олон улсын нүсэр том сүлжээ болон өргөжсөн байна. Ротарактын гишүүн 145.000 эрэгтэй эмэгтэй залуучууд (18-30 хүртлэх насны) өөрсдийн нутаг орны гачигдал дутагдлыг арилгах, хувийн болон ажил мэргэжлийн харилцаа холбоогоо өргөжүүлэх, дэлхий дахинд харилцан ойлголцлыг өргөжүүлэх үйл хэргийн төлөө зүтгэж байна.

Зорилго чиглэл

Ротаракт клуб дараах зорилтуудыг эрхэмлэдэг.

Мэргэжлийн болон манлайлах ур чадварыг хөгжүүлэх
Аливаа хувь хүний эрхэм чанарыг хүлээн зөвшөөрснөөр бусдын эрхийг хүндэтгэх
Ямарваа үйлчилгээ үзүүлэх боломжтой бүхий л ажил мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг хүлээн зөвшөөрөх
Манлайлагчийн чанар, мэргэшлийн үүрэг хариуцлагад тохирсон ёс зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрөхийн сацуу дэмжин дэлгэрүүлж, бодит үйл хэрэг болгох
Тухайн нутаг орон болон дэлхий дахинд тулгамдаж буй бэрхшээл, эрэлт хэрэгцээ, бодит боломжийг ухамсарлан ойлгуулах
Нутаг орныхоо тусын тулд ажиллах, олон улсын ойлголцол, хүн бүхэнд ээлтэй сайн санааг дэмжихийг эрхэмлэгч хувь хүмүүс болон хэсэг бүлгийнхэнд үйл ажиллагаагаа явуулах өргөн боломж олгох

Ротаракт клуб Ротарийн өнөр бүлтэй хэрхэн нэгддэг вэ?

Ротари Интернейшнл бол бизнес эрхлэгчид болон мэргэжлийн хүмүүст үйлчилдэг дэлхийн хэмжээний байгууллага бөгөөд 31.000 гаруй Ротари клубт 1,2 гаруй сая гишүүн нэгджээ. Орон нутгийн Ротари клуб Ротаракт клуб бүрийг ивээн тэтгэж байдаг. Ивээн тэтгэх ийм үйл ажиллагаа нь залуучууд эсвэл Шинэ Үеийнхэн нутаг орныхоо амьдрал ахуйн төлөө санаа тавьдаг, ажил мэргэжлээрээ өсч дэвжих бололцоотой байвал зохино гэсэн итгэл үнэмшилтэй холбоотой.

Ротари клуб нь хамгийн үр өгөөжтэй үйл ажиллагааных нь нэг болох Ротаракт клубыг зохион байгуулснаараа нутаг орныхоо төлөө өөртөө үүрэг хариуцлага хүлээж байдаг. Ротаракт клуб нь Ротари клубтээ шинэ шинэ эрч хүч, шинэлэг үзэл санааг авчирч, аливаа төсөл хэрэгжүүлэхэд улам их дэмжлэг үзүүлэн, тус клубын ирээдүйн гишүүдийн өсөлт хөгжилд тус болж чадна.

Ротаракт клубууд нь бие даасан удирдлагатай бөгөөд орон нутгийн түвшинд их төлөв өөрийгөө санхүүжүүлж байдаг. Ротаракт клубынхэн өөрсдийг нь ивээн тэтгэгч Ротари клубынхэнтэй үйлчилгээний салбар дахь түншүүдийн хувиар хамтран ажилласнаараа Ротарийн өнөр бүлийн маш чухал нэг хэсэг нь болж байдаг.

Ротаракт клуб юу хийж бүтээдэг вэ?

Ротаракт клубууд гишүүдийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн янз бүрийн төсөл хэрэгжүүлэх болон бусад үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэхдээ бүх клуб Ротаракт программын хүрээнд өөр өөр зэрэглэл бүхий, тухайлбал, ажил мэргэжлийн ур чадварын өсөлт, манлайлах ур чадварын өсөлт, үйлчилгээний төслүүд гэсэн гурван төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Энэ гурван төрлийн үйл ажиллагаа нь хамтдаа клубын тэнцвэрт харьцааг тусгасан хөтөлбөрүүд байхын сацуу Ротаракт клубын гишүүн нэг бүрийг ажлын нэн чухал арга туршлага, бололцоогоор хангадаг байна.

Ажил мэргэжлийн ур чадварын өсөлт

Ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар тухайн клубээс явуулж буй үйл ажиллагаа нь оршин суугаа нутаг орны хэмжээнд ажил эрхлэх орчин нөхцөл, бизнес эрхлэх бололцоо ямар байгаа тухайд гишүүдийн ойлголт төсөөллийг өргөжүүлэхэд чиглэх ёстой. Ингэхдээ тухайн нутгийн эдийн засгийн хөгжилд Ротаракт клубын гүйцэтгэх үүргийг онцлон авч үзэж, үйлчилгээний шинжтэй үйл ажиллагааны үр дүнд эзэмшсэн мэдлэг чадвар ажлын байран дахь тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн тус дөхөм болж байгааг харуулах ёстой. Ротаракт клуб болгон дор дурдсан үйл ажиллагаагаар дамжуулан гишүүддээ ажил мэргэжлийн талаар өсч хөгжих бололцоог олгох учиртай. Үүнд:

Ажил мэргэжлийн болон мэргэшлийн чуулга уулзалтууд хийх
Бизнесийн технологийг боловсронгуй болгох
Удирдлага, маркетингийн семинар зохион байгуулах
Бизнесийн болон ажил, мэргэжлийн ёс зүйн асуудлаар бага хурал хийх
Бизнесийн гараагаа эхлэх санхүү, зээлийн бололцоог бүрдүүлэх

Ротари клубийнхэн хандивын дэмжлэг үзүүлж, улмаар бизнесийн ертөнцөд хөл тавих, бизнесийн, мэргэшлийн болон ажил мэргэжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нь практик зөвлөгөө өгснөөрөө Ротаракт клубын гишүүдэд ажил мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх бололцоог бүрдүүлж өгдөг. Ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх төслүүдийг Ротаракт болон Ротари клубын хамтын үйл ажиллагаа болгож чадвал Ротаракт клубынхэн Ротари клубынхны хандивын үйл ажиллагааны утга учиртай улам сайн танил болно.

Манлайлах ур чадварын өсөлт

Манлайлах ур чадварыг дээшлүүлэх талаар тухайн клубын явуулж байгаа үйл ажиллагаа нь гишүүдийнхээ манлайллыг тэдний хувийн амьдралд нь илүү үр бүтээлтэй болгох төдийгүй, холбогдох төслүүдийг хэрэгжүүлснээр тухайн клубуудыг хэрхэн хөгжүүлж, тогтвортой ажиллуулж болох арга замыг тэдэнд зааж сургах зорилготой юм. Клубын удирдлагыг сурган бэлтгэхдээ дараах гол асуудлуудыг онцлон авч үзэх нь нэн чухал. Үүнд:

Олон нийттэй харилцах чадварыг нь сайжруулах
Гишүүнээр элсэх магадлалтай хүмүүст Ротарактын хөтөлбөрүүдийг маркетинг талаас нь танилцуулах арга ажиллагааг хөгжүүлэх
Гишүүдийн дунд санал бодол нэгдмэл байх уур амьсгал бүрдүүлэх
Төслийн төлөө үүрэг хариуцлага хүлээлгэн, түүнийг хэлбэрэлтгүй дагаж мөрддөг байх журам тогтоох
Төслийг нийтэд ил тод болгох, тэднээр дэмжүүлэх арга замыг эрэлхийлэх
Клубын хөгжил дэвшлийг хүчирхэг болгохуйц санхүүгийн эх үүсвэрийг хайж олох
Төсөл хэрэгжсэнээр хүрсэн үр дүнг үнэлэн тооцох

Үйлчилгээний зориулалттай төслүүд

Нийгмийн эрх ашгийг өөрийн эрх ашгаас дээгүүрт тавих нь Ротари клубынхны мөрдлөг болгодог хамгийн эрхэм зарчим мөн. Ротаракт клубын үйлчилгээний зориулалттай төслүүд нь эх орондоо болон хилийн чанадад ахуй амьдралыг сайжруулах зорилготой юм. Тэдгээр төсөл нь хүчирхийлэл, хар тамхинд донтох өвчин, ДОХ, өлсгөлөн, байгаль орчны бохирдол, бичиг үсэг үл мэдэх явдал гэх мэт өнөөгийн хамгийн чухал асуудлуудад хандсан байдаг. Ротаракт клубын гишүүн бүрт жилдээ үйлчилгээний шинжтэй наад зах нь хоёр томоохон, ингэхдээ нэг нь орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлсэн, нөгөө нь олон улсын ойлгоцлыг дэмжихэд чиглэсэн төсөл хэрэгжүүлж дуусгах шаардлага тавьдаг. Энэ хоёр төслийн аль алинд нь клубын гишүүнд цөмөөрөө юмуу эсвэл тэдний олонхи нь оролцсон байх ёстой.

Ротаракт клубыг зохион байгуулдагийн учир юу вэ?

Өнөөгийн залуучууд маргааш гэхэд эцэг эх, мэргэжлийн хүмүүс, бизнесийн удирдагчид, орон нутгийн эрх баригчид болно. Тэд Ротаракт шиг ийм хөтөлбөрүүдийн ачаар нийгмийн хариуцлагатай, үр бүтээлтэй гишүүд болон өсч өндийхэд нь зайлшгүй шаардлагатай тэрхүү арга барил, мэдлэг чадварыг эзэшиж чадна. Эдүгээ Ротари клубуудын хувьд Шинэ Үеийнхнийг авьяас билгээ сорих, шинэ шинэ мэдлэг чадвар эзэмших, амьдралын замд тохиолдох аливаа бэрхшээлийг гэтлэн давахад нь урамшуулан зоригжуулах замаар ирээдүйдээ анхаарлаа хандуулах цаг үе тулж ирээд байна.

2. Ротаракт клубын зохион байгуулалт

Ротари Клубууд нь шинэ Ротаракт клубыг ивээн тэтгэх тухай асуудлыг авч үзэхийнхээ өмнө Ротаракт хөтөлбөрийг бүрэн сайн ойлгосон байх ёстой. Ротаракт нь Ротарийн нэг адил олон янзын дүр төрхтэй, өөр өөрийн гэсэн өвөрмөц чанаруудтай.

Гараагаа эхлэхдээ

Ротаракт клуб нь орон нутагт тулгуурладаг болон их сургуульд түшиглэдэг гэсэн хоёр хэв маяг байдаг. Орон нутагт тулгуурласан клубуудын хувьд тухайн орон нутгийн 18-30 хүртлэх насны бүх залуучууд гишүүнээр элсэх нөөц хүч болж байдаг. Ротари клубээс ивээн тэтгэгдсэн Ротари гишүүнийг анхны удаад шинээр байгуулагдаж буй Ротаракт клубт зөвлөхөөр ажиллуулахаар нэг удаа томилох ёстой бөгөөд ингэхдээ зохион байгуулагчид нь түүнийг орон нутагт тулгуурласан клубт ажиллуулах нь илүү чухал гэж үздэг.

Их сургуульд түшиглэдэг клубууд мөн л 18-30 хүртлэх насны залуучуудаас бүрдэх боловч тэд их сургуулийн курсуудэд элсэх ёстой (Коллежуудын дэргэд байгуулагдсан Ротаракт клубуудыг их сургуульд түшиглэсэн гэж үздэг). Их сургуульд түшиглэсэн Ротаракт клуб зохион байгуулахыг хүссэн хүмүүс их сургуулийн захиргаатай ойр дөт ажиллаж, Ротари болон Ротаракт клубын аль алиных нь зорилго, зорилтыг тайлбарлаж өгдөг байх ёстой. Ингэхдээ оюутны байгууллагуудтай холбогдох сургуулийн дүрэм журмыг Ротари клуб дагаж мөрдөх болно гэдгээ илэрхийлэх нь маш чухал.

Хэрэв их сургуулийн захиргаа болон Ротаракт клубыг зохион байгуулагчид их сургуульд түшиглэсэн клуб нь аль аль талдаа харилцан ашиг тустай юм гэдэг дээр санал нэгдвэл Ротаракт клубыг зохион байгуулагчид тус клубт зөвлөхөөр ажиллах боломжтой хүнийг тухайн их сургуулийн тэнхимээс олж тодруулах ёстой. Энэхүү зөвлөх нь хичээлийн бус цагт оюутнуудтай ойр дотно ажиллах хүсэл эрмэлзэлтэй, ерөнхийдөө оюутнуудын хүндэтгэл хүлээсэн хүн байх ёстой. Тэрбээр бас шинэ клубт гишүүд элсүүлэх стратегийг боловсруулахдаа ивээн тэтгэгч Ротари клуб болон Ротаракт клубыг зохион байгуулагчидтай хамтран ажиллавал зохино.

Хамтарч ивээн тэтгэх үйл ажиллагаа

Ротаракт клубыг нэгээс дээш тооны Ротари клуб дараах тохиолдлуудад зохион байгуулж, хамтран ивээн тэтгэж болно. Үүнд:

Дүүргийн захирагч бичгээр зөвшөөрөл олгосон байх
Тус бүрийг нь дан ганц Ротари клуб ивээн тэтгэсэн салангид тусдаа Ротаракт клубуудыг зохион байгуулахдаа тухайн орон нутаг болон их сургуулийн хэмжээнд гагцхүү залуучуудын байгууллага болох салбарыг бий болгохуйц тийм нөхцөл байдал бүрдсэн байх
Ротарактын хамтарсан хороог ивээн тэтгэгч Ротари клубуудын аль алиных нь төлөөлөлтэйгээр эмхлэн байгуулах

Гишүүнчлэлийн үндэс суурийг олж тогтоох

Ивээн тэтгэх гэж буй Ротаракт клубынхээ хэв маягийг нэгэнт тодорхойлсон болохоор одоо гишүүн элсүүлэх стратегийг боловсруулах ёстой. Таарч тохирох мэргэжлийн залуучуудыг олж танихын тулд тухайн нутгийн Ротари клубын гишүүдийн охид, хөвгүүд болон гэр бүлийн бусад хүмүүсийг судлахаас ажлаа эхлэж болох юм. Ротари клубынхэн Ротаракт клубт нэгдвэл өөрсдөд нь ашиг тустай гэдгийг ухаарсан залуу ажиллагасад болон суралцагчдыг элсүүлж болно. Клубт гишүүн элсүүлэхэд магадлал сайтай орон нутгийн эх сурвалжуудаас цөөн хэдийг нь дурдвал: орон нутгийн төвүүд, сүм хийд, эрүүл мэндийн клубууд, их сургуулиуд, мөн боловсролын үргэлжлүүлэн сургах хөтөлбөрүүд байна. Түүнчлэн оюутан залуучуудын солилцоо, гишүүдтэй ойр дотно ажиллах хүсэл эрмэлзэлтэй олны хүндэтгэлийг хүлээсэн нэр нөлөө бүхий хүмүүс зэрэг нь Ротаракт клубт гишүүнээр элсэх хамгийн аятайхан нэр дэвшигчид мөн гэдгийг санах хэрэгтэй.

Мөн янз бүрийн насны хүмүүсийг Ротаракт клубт элсүүлэхийг хичээх хэрэгтэй. Клубээ нэгэнт үүсгэн байгуулсан бол тухай бүрт шинээр гишүүн элсүүлэх замаар залуу болон ахмад настай гишүүдийн тооны харьцааг тэнцвэртэй байлгах нь чухал. Ингэвэл клуб дэх тогтвор суурьшлийг хангаж чадна.

Мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулах

Ротари клуб гишүүнчлэлийнхээ үндэс суурийг нэгэнт тогтоосон бол элсэхээр завдаж буй гишүүддээ зориулан мэдээлэл өгөх уулзалтыг зарлан хийхэд бэлэн байх ёстой. Ротаракт клубыг зохион байгуулагчид энэхүү уулзалтын үеэр нээлттэй хэлэлцүүлэг явуулснаараа гишүүнээр элсэх магадлалтай хүмүүсийн ашиг сонирхолын талаар сайтар шалгуур тогтоох бололцоотой болдог. Тэд нутаг орныхоо төлөө ажиллаж зүтгэх, манлайлах ур чадвараа дээшлүүлэх, мэргэжлийн хувьд өсч дэвших, найз нөхөдтэй болох, олон улсын харилцаа холбоо тогтоохыг хүсч байн уу үгүй юу? гэдгийг таньж мэдэж болно. Гишүүнээр элсэх гэж буй хүмүүсийн санаа бодлыг тийнхүү таньж мэдсэнийхээ дараа тэдэнд Ротаракт клуб тэдний итгэлийг хэр дааж чадахыг, түүнчилэн үүнийг үйлчилгээний шинжтэй үйл ажиллагаа, ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх семинар, Ротари клубтэй түншлэх үйл ажиллагаа эсвэл бүс нутгийн болон олон улсын хэмжээний арга хэмжээгээр дамжуулан ажил хэрэг болгоно гэдгийг сайтар тайлбарлаж өгөх хэрэгтэй. Ротаракт клубын тусламжтайгаар өдий төдий боломжийг эдлэх болно гэдгийг Ротаракт клубт элсэх гэж буй хүмүүст ойлгуулж чадвал тэр хүмүүс аяндаа өөрийн гэсэн чиг хандлагыг тогтоож эхлэх болно. Албан бус уулзалт дээр дараах гол гол үзэл санааг баримталж болно. Үүнд:

Мэндчилгээ дэвшүүлэх болон Ротарийн талаар товч тайлбар хийлгүүлэхийн тулд ивээн тэтгэгч Ротари клубын аль нэг гишүүнийг урьж оролцуулах
Ротарактын зорилго, зорилт, үйл ажиллагаа, тэрчилэн гишүүдийн идэвх санаачлага, оролцоог тайлбарлуулах зорилгоор Ротарактын гишүүнийг (Ротарактын дүүргийн төлөөлөгч юмуу эсвэл Ротаракт клубын ажилтан) урьж оролцуулах
Гишүүн болохыг сонирхож буй хүмүүсийн талаар мэдээлэл цуглуулах. Ротарактын гишүүнээр элсэх өргөдлийг ашиглах.

Зохион байгуулах уулзалт хийх

Ротарактад гишүүнээр элсэх гэж буй хүмүүсийг ашиг сонирхол нэгэнт тодорхой болсон тул зохион байгуулалт, төлөвлөгөөт үйл ажиллагааныхаа талаар тэдэнтэй ярилцаж эхлэх хэрэгтэй. Тэр хүмүүсийн урам зоригийг өндөр хэмжээнд байлгахын тулд зохион байгуулалтын асуудлаархи уулзалтуудыг хоёр долоо хоногоос хэтрэхгүй хугацааны давтамжтай хийж байх хэрэгтэй. Тэр хүмүүсийг цааш цаашдын уулзалтуудад тогтмол урьж оролцуулж байх үүднээс тэдний нэр ус, хаяг, утасны дугаар, и-мэйл хаягийг тэмдэглэж авах нь чухал. Үүсгэн байгуулагч гишүүдийнхээ үндэс суурийг өргөжүүлэхийн тулд дээрхи хүмүүсийг найз нөхдийг ч гэсэн урих нь зүйтэй.

Ротаракт клубын албан ёсны гэрчилгээ авахын өмнө дахин давтан уулзалт хийгээд байх шаардлагагүй. Аливаа клубын өсөлт хөгжил гэдэг бол үнэхээр чухал зүйл. Гэхдээ зохион байгуулалтын үе шатанд дараах зүйлүүдийг хийх шаардлагатай. Үүнд:

Клубыг манлайлан ажиллаж чадах хүмүүсийг олж тодруулах, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга, сангийн эрхлэгч, өргөн бүрэлдэхүүнтэй захирал нарын зөвлөлийн гишүүдийг сонгох, тэдэнд клубын ажилтнуудын үүрэг хариуцлагын тухай мэдээлэл өгөх
Клубын жил тутмын татвар хураамжийн хэмжээг хэлэлцэж, тогтоох
Хурлаа хийх газар, цаг хугацааг тодорхойлох (клубууд сард наад зах нь хоёр удаа хурал хийх шаардлагатай)

Ротаракт клубыг үүсгэн байгуулах нь

Мөдхөн байгуулагдах гэж буй Ротаракт клуб гишүүд элсүүлэх баттай үндэс суурийг бүрдүүлсэнийхээ дараа Ротари Интернейшнл байгууллагын гэрчилгээ авах ажлыг хөөцөлдөх ёстой. Үүсгэн байгуулагч гишүүдийн тоо наад зах нь 15 байвал зохимжтой. Байгуулагдах гэж буй клуб Ротарактын бодлогын Тунхаглалын дагуу эхлээд Ротаракт Клубын стандарт Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг батлана. Түүнчлэн Ротари Интернейшнлээс тогтоосон дээрхи Үндсэн хуулийн дагуу бас бусад тогтоол гаргана. Тэдгээр тогтоолыг ивээн тэтгэгч Ротари Клубээр батлуулна.

Ротаракт Клубын зохион байгуулалтын хуудсыг бөглөхдөө үүсгэн байгуулагч бүх гишүүдийг жагсаан бичих бөгөөд тэд клубын үйлчилгээний болон нийгмийн үйл ажиллагааны 60-аас доошгүй хувьд оролцсон байх үүрэгтэй. Дээрхи хуудсыг бөглөсний дараа ивээн тэтгэгч Ротари клубын захирал болон дүүргийн захирагчаар гарын үсэг зуруулж, 50 ам.долларын хамт Ротари Интернейшнлийн Дэлхийн төв байр болон тухайн нутаг дахь олон улсын байгууллагад илгээнэ. Зарим тохиолдолд төлбөрийг РИ-ийн санхүүгийн төлөөлөгчөөр дамжуулан орон нутгийн валютаар хийж болно.

Гэрчилгээг бэлэн болмогц ивээн тэтгэгч Ротари клуб түүнийг хүлээж аваад, шинээр байгуулагдсан Ротаракт клубт гардуулан өгнө. Түүнчлэн дагалдах материалууд, тухайлбал, Дэлхийн Ротаракт хөдөлгөөний Удирдамж, клубын үйлчилгээний шинжтэй төслүүдэд РИ-ийн нөөцөөс хандив өргөх боломжийн тухай мэдээлэл зэргийг хүргүүлнэ.

Үүрэгт ажилдаа орох ёслол

Ротари Интернейшнлээс Ротаракт клубт албан ёсны гэрчилгээ олгосноор үүрэгт ажилдаа орох ёслол болдог. Ротари клубын ивээн тэтгэгч (ид) энэхүү ёслолын ажиллагааг төлөвлөн, зохион байгуулахдаа Ротари хөдөлгөөний түншүүд болох шинэ Ротаракт клубынхэнд баяр хүргэнэ. Ийм ёслол болгон хэлбэрдэх төдий бус ховор чухал үйл явдал болох ёстой. Дүүрэгт Ротари клуб шинээр байгуулагдсаныг харуулах үүднээс дээрхи үйл явдалд дүүргийн захирагч, дүүргийн Ротаракт клубын дарга, тус клубын төлөөлөгчид зэрэг дүүргийнхээ удирдагчийг урьж оролцуулж болох юм.

Ажил үүргийн хуваарилалт хийх ёслол

Шинээр байгуулагдсан Ротаракт клубын хувьд бас нэг өвөрмөц үйл явдал нь клубын ажилтнуудыг ажил үүрэгт хуваарилан томилох ажиллагаа юм. Энэ нь тусгай ёслол юмуу баярын үйл ажиллагаа байх бөгөөд тэр үеэр тухайн нэг жилийн хугацаанд клубыг удирдахаар томилогдсон шинэ ажилтнуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрнө. Нэг жилийн томилолтын хугацаа дууссаны дараа ажил үүргийн хуваарилалт хийх ээлжит ёслолыг хийхдээ түрүүчийн удирдлагад хийж гүйцэтгэсэн ажлынх нь төлөө талархал илэрхийлэн, шинээр томилогдогсдод баяр хүргэнэ. Ивээн тэтгэгч Ротари клубын тухайн үеийн ерөнхийлөгч болон ажилтнуудыг дээрхи ёслолын ажиллагаанд урьж оролцуулдаг нь Ротаракт клубын шинэ ажилтнуудыг тэдэнд танилцуулах зорилготой юм. Ингэснээр Ротаракт болон Ротари клубуудын хоорондох ажил төрлийн уялдаа холбоо сайжирч, хамтын үйл ажиллагаа бэхжидэг.

3. Клубын удирдлага зохион байгуулалт ба Үйлчилгээ

Шинээр Ротаракт клуб үүсгэн байгуулагдахад зохион байгуулагчид нь зөвлөгчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бүтэц, төлөвлөгөө, зорилго, зорилтоо тодорхойлдог. Ротаракт клубын хөл дээрээ зогсож цаашид өөрийн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тухайн үйл хэрэгт сонирхол бүхий гишүүд, удирдагч, манлайлагчид болоод итгэмжлэгдсэн төлөөлөгчид голлох үүрэг гүйцэтгэдэг.

Бүтэц

Ротаракт клубын ерөнхийлөгчийн удирдлага дор клубын гишүүд мэргэжлийн чадварын өсөлт, үйл ажиллагаа, сургалт, тухайн орон нутагт болоод олон улсын төвшинд хэрэгжүүлэх төслүүд, санхүүжилт зэргийн урьдчилан төлөвлөдөг. Эдгээр төсөл төлөвлөгөөг хянан үзэж, батлах нь клубын удирдах зөвлөлийн үүрэг юм.

Ротаракт клубын удирдах зөвлөл нь дараах сонгогдсон гишүүдээс бүрдэнэ:

- Ерөнхийлөгч

- Дэд ерөнхийлөгч

- Нарийн бичгийн дарга

- Сангийн эрхлэгч

- Клубын үйл ажиллагааг явуулахад зайлшгүй шаардлагатай бусад гишүүд

Зөвлөл нь клубын удирдах бие бүрэлдэхүүн бөгөөд сард наад зах нь нэг удаа хуралдана. Клубын гишүүдээс удирдах зөвлөлийн хуралд ажиглагчаар оролцож болно. Клубээс зохион байгуулах аливаа үйл ажиллагаа нь клубын хурлаас зөвлөлийн хуралдаанд дамжин хэдэлцэгдэж батлагдана. Тус хурлаар батлагдсан бодлого, хэрэгжүүлсэн болоод хэрэгжүүлэх гэж буй үйл ажиллагааны талаар зөвлөл гишүүдэд танилцуулна.

Шинээр ерөнхийлөгч томилогдож, үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө тэрээр удирдах зөвлөлийн гишүүдтэй өнгөрсөнд хэрэгжүүлсэн ажлуудын ололт ба дутагдалтай талуудыг дүгнэн хэлэлцэж цаашид явуулах ажлуудаа төлөвлөнө. Клубын удирдах зөвлөлийн гишүүдтэй хэрхэн үр дүнтэй хамтран ажиллаж чадах вэ гэдэг нь ерөнхийлөгчийн удирдах ур чадвараас ихээхэн шалтгаална. Аливаа ажлыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хувьд эрсдэлтэй гэж үзвэл удирдах зөвлөлөөс энэ асуудалд тодорхой шийдвэрийг гаргана. Учир нь клубыг цаашид идэвхтэй, эрч хүчтэй, хэвийн үйл ажиллагаатай авч явахын тулд удирдлагын үүрэг хайриуцлага, гишүүдэд тавигдах шаардлагаас гадна хөрөнгө мөнгөний асуудлыг зохистой шийдвэрлэх хэрэгтэй.

Клубын удирдлагуудын үүрэг хариуцлага

Ерөнхийлөгч

Клубын удирдагчийн хувьд ерөнхийлөгч нь гишүүдийн мэргэжлийн чадварын өсөлтийг дэмжих сургалтуудыг зохион байгуулах, орон нутгийн болон олон улсын төвшинд хэрэгжүүлэх төслүүдийг төлөвлөж, амжилттай хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ.

Ерөнхийлөгчийн үүрэг хариуцлага

Гишүүдийн ур чадвар, сонирхолыг тодорхойлох, клубын хэрэгжүүлэх төслүүдэд гишүүдийг хуваарилан ажиллуулах,
Клубын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, гишүүдийн үүрэг хариуцлага, хуралдааны хуваарийг товлон тогтоох,
Клубын жилийн ажлын төлөвлөгөөг зохиох,
Клубын болоод удирдах зөвлөлийн хуралдааныг тэргүүлэх,
Удирдах зөвлөл зөвшөөрсний үндсэн дээр байнгын болоод тусгай хороодыг томилох

Ерөнхийлөгч дараах бүлгүүдтэй нягт хамтран ажиллана:

Ивээн тэтгэгч Ротари клуб
Дүүргийн Ротаракт клубын төлөөлөгчид
Ротари Интернэйшнл

Хамтын ажиллагааг илүү уян хатан байлгах үүднээс дээрх бүлгүүдэд өөрийн клубын үйл ажиллагаа, төслийн талаарх танилцуулгыг илгээх нь зүйтэй.

Дэд ерөнхийлөгч

Клубын дэд ерөнхийлөгч тухайн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, зорилт, төслийг сайтар ойлгосны үндсэн дээр илүү үр дүнтэй ажиллана. Үүний тулд клубын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар нэг баг шиг нягт хамтран ажиллах нь зүйтэй. Клуб шинээр ерөнхийлөгч сонгох тохиолдолд шинэ ерөнхийлөгчийг сонгох хүртэл дэд ерөнхийлөгч ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Ерөнхийлөгчийн эзгүйд дэд ерөнхийлөгч хурлыг тэргүүлж, бусад үүрэгт ажлуудыг удирдан явуулна. Дэд ерөнхийлөгч нь ажил үүрэгтээ хариуцлагатай, зохион байгуулалт сайтай байх нь клубын үйл ажиллагаа амжилттай явагдах гол түлхүүр болдог.

Нарийн бичиг

Ротаракт клубын нарийн бичиг хүн мэргэжлийн өндөр ур чадвартай, ажил үүргийн зохион байгуулалт сайтай байх ёстой бөгөөд олон чухал үүргүүдийг хүлээнэ. Тухайн клубыг дэмждэг Ротари клубууд, гадны агентлагууд, клубт шинээр элсэх гишүүд, Ротари Интернэйшнл, бусад Ротаракт клубуудтэй хамтын ажиллагаа тогтоодог. Мөн клубын олон нийттэй харилцах харилцааг зохицуулж, зөвлөлийн болоод клубын хуралдааныг протокол хөтөлнө.

Сангийн эрхлэгч

Сангийн эрхлэгч клубын санхүүгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хариуцна. Тиймээс шинээр томилогдсон сангийн эрхлэгч мэргэшсэн ня-бо байх бөгөөд өмнөх болоод Ротари клубын сангийн эрхлэгчдээс байнгын зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Нягтлан бодогчийн үүрэг хариуцлага

Санхүүгийн хороог тэргүүлэх,
Төсвийг сайжруулах тал дээр захирлын зөвлөлтэй хамтран ажиллах,
Клубын санхүүжилт, татвар хураамжийн асуудлыг хариуцах,
Клубын орлого, зарлага, данс тооцоог хөтлөх,
Хуралдаан бүр дээр клубын санхүүгийн төлөв байдлыг мэдээлэх,
Жилийн төгсгөлд данс тооцоог аудитаар хянуулах

Клубын гишүүдэд зориулсан сургалт

Шинээр элсэх гэж буй Ротарактын гишүүд дүүргийн клубын ажлын хорооноос зохион байгуулдаг 1-2 өдрийн сургалтанд хамрагдана. Мэргэчлийн чадварын өсөлтийг дээшлүүлэхийн тулд хуучин гишүүд ч энэ сургалтанд хамрагдаж болно. Сургалтад зарцуулагдах бүх зардлыг тус клубын дэмжигч Ротари клуб хариуцдаг.

Ротаракт клубын хороод

Хороод нь ротаракт клубын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэнэ. Ротаракт Клубын стандарт Үндсэн хуульд заагдсанаар клубын ерөнхийлөгч удирдах зөвлөл зөвшөөрснөөр дараах 5 байнгын хороодыг томилон ажиллуллдаг:

Клубын ажлын хороо
PR маркетингийн ажлын хороо
Олон улсын ажлын хороо
Мэргэжлийн чадварын өсөлтийг дэмжих хороо
Санхүүгийн хороо

Шаардлагатай бол нэмж хороо байгуулж болно. Хороод нь сард доод тал нь нэг удаа хуралдаж бодлого, үйл ажиллагаа, төлөвлөгөөгөө хэлэлцэнэ. Хороодын үйл ажиллагаа, төсвийг удирдах зөвлөлд хэлэлцэн батална.

Клубын ажлын хороо

Гишүүдийн мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, клубт шинээр гишүүн элсүүлэх стратегийг боловсруулах,
Клубын танилцуулгыг бэлтгэж тараах,
Клубын гишүүдийн хооронд тэмцээн уралдаан зохион байгуулах

PR маркетингийн ажлын хороо

Олон нийтэд клубээ таниулах сурталчилах.За тэгээд маркетинг гэхээр ойлгомжтой биз. Дашрамд 2014 он PR жил юм байна лээ

Олон улсын ажлын хороо

Олон улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн клубын ажлуудтай танилцаж төлөвлөгөө гаргах,
Тус төслийг зохион байгуулахад манлайлах үүрэг гүйцэтгэх,
Орон нутгийн болоод клубын гишүүдэд олон улсын төвшинд нийгмийн эрх ашгийн төлөө үйлчилж болох ажлуудын талаар ойлголтыг өгөх.

Мэргэжлийн чадварын өсөлтийг дэмжих хороо

Клубын гишүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүэх талаар тэдний санал хүсэлтэй таницаж, төлөвлөгөө боловсруулах,
Энэ талаар холбогдох хөтөлбөр програмуудыг зохиож, удирдан явуулах.

Санхүүгийн хороо

Клубын орлого зардлыг тооцох,
Клубээс зохион байгуулагдах ажлын санхүүжилтийн асуудлыг төлөвлөх.

Хуралдаанд хэлэлцэх асуудлууд

Хуралдааныг сонирхолтой байдлаар явуулахын тулд хэлэлцэх асуудлуудыг янз бүрээр хэлбэрээр зохион байгуулж болно, тухайлбал, чанга яригч, самбар, слайд, видио хуурцаг зэрэг зүйлсийг ашиглах, хэлэлцүүлэг, мэтгээлцээний аргаар явуулах, эсвэл аялал зугаалгын хэлбэрээр ч зохион байгуулж болно. Хэдийгээр клубын ерөнхийлөгч хөтөлбөрийн бүх агуулгатай танилцах ёстой боловч жилийн хөтөлбөрийг зохион байгуулах, хуралдааныг даргалж явуулах хүнийг томилж болно. Хөтөлбөрт олон ротаракт гишүүдийг хамруулснаар илүү сонирхолтой болно.

Нийгмийн эрх ашгийн төлөө үйлчлэхүй төслийн зарим шинэлэг санаа

Ротаракт клуб нь жилд орон нутагт болоод олон улсын хэмжээнд наад зах нь нэг төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. Ивээн тэтгэгч Ротари клуб уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зүйлсээр дэмжлэг үзүүлдэг. Ротаракт клубууд хэрэгжүүлж болох зарим төслүүд:

Орон нутгийг хөгжүүлэхэд

Усан оргилуурыг шинээр барих, шинэчлэн засварлах,
Залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх залуучуудын төв, хүүхдүүдэд зориулсан боловсролын төвүүдийг байгуулах,
Байгаль орчиноо цэвэрлэх, зүлэгжүүлэх, мод бут тарих зэрэг хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулах

Залуучуудад

Урлагийн хичээл, спортын тэмцээн, ажил мэргэжлийн холбогдолтой сургалт зохион байгуулах,
Сургуулийн насны хүүхдүүдэд тал бүрийн дэмжлэг үзүүлэх, тухайлбал, хэрэгцээтэй мэдээллээ авах, албан бус сургалтанд хамрагдах, эмнэлгийн тусламж, зөвлөгөө авах, аюулгүй тоглоомын талбайтай болгох г.м.
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хөтөлбөрт оролцох.

Эвгээл (хөдөлмөрийн чадваргүй) хүмүүст

Эвгээл хүмүүсийг сургалтанд хамруулах, ажлын байртай болоход нь туслах,
Тэдэнд зориулж цэцэрлэгт хүрээлэн, уулзалт зохион байгуулах тусгай байртай болгох,
Салхинд гаргах богино хэмжээний аялал зохион байгуулах,
Хандиваар ирсэн дугуйтай сандал, нарны шил, суга таяг зэрэг эмнэлгийн тоног хэрэгслийг хуваарилах,

Эрүүл мэнд, хүнс тэжээл

Сар бүр хүмүүст эрүүл мэндийн зөвлөгөө өгч байх боломжтой эмнэлгийн мэргэжилтнүүдийг гишүүнээр элсүүлэх,
Эрүүл мэндийн холбогдолтой компанит ажлуудыг зохион байгуулах, жишээ нь, AIDS явган аялал, гэр бүл төлөвлөлт, цусны донор г.м,
Эрүүл, зөв хүнс тэжээлийг хэрэглэх зөвлөмж, аян зохион байгуулах.

Боловсрол, бичиг үсэг

Орон нутагтаа бичиг үсэггүй хүүмүүст зориулсан сургалт явуулах хөтөлбөрийг дэмжих,
Тэдэнд зориулан номын сан, уншлагын тэнхимтэй болгох

Мэргэшлийн сургалт

Нийгмийн эмзэг давхрагынханд зориулан мэргэшлийн үнэгүй сургалтуудыг зохион байгуулж, ажлын байр бий болгох. Жишээ нь: үсчин, тогооч, оёдолчин г.м.
Ажлын байртай болгох тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж ажилгүйчүүдийг гэрээгээр ажиллуулах,
Орон нутгийн Ротари клубтэй хамтран эргэлтийн зээл олгож эхлэх.

Хүнсээр хангах

Амьдралын түвшин доогуур өрх айлд хүнсний ногооны үр өгч, хүнсний ногоо тариалах боломж олгох,
Хүүхдүүдийг хүнс тэжээлийн дутагдлаас сэргийлэх зорилгоор сургууль дээр “Халуун зууш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

Эх дэлхийгээ хамгаалахуй

Хотыг цэцэрлэгжүүлэх, паркжуулах, моджуулах, ногоон бүс бий болгож хотын өнгө үзэмжийг сайжруулах,
Эрүүл ахуйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тухайлбал, ундны усыг цэвэршүүлэх,
Шил, яс, цаас г.м дахин ашиглаж болох материалыг цуглуулах төслийг орон нутагт хэрэгжүүлэх.

РОТАРИД НЭГДЭХ 20-н ШАЛТГААН ГЭНЭ ДЭЭ

Хэн нэгний төлөө ямар нэг юм хийх боломж, энэхүү үйл явцын үед өөрийгөө сайжруулах боломж, түүнээс хүний өөрийн амьдралд буцаж ирэх сэтгэл ханамж.

2013 оны 2 дугаар сарын 9
Ротари Интернэшнлийн 2001-2002 оны Ерөнхийлөгч Richard D. King Ротарид нэгдэх дараах 20 шалтгааныг нэрлэж байна. 


1. Нөхөрлөл: Асуудал ихтэй энэ дэлхий дээр Ротари нь хүн төрөлхтний хамгийн энгийн хэрэгцээнүүдийн нэг болох нөхөрлөл, харилцааны хэрэгцээг хангадаг. Энэ бол 1905 онд анх Ротари эхлэх болсон хоёр шалтгааны нэг юм. 

2. Бизнесийн хөгжил: Ротаригийн эхлэлийн хоёр дох шалтгаан бол бизнесийн (ажил, мэргэжил гэсэн өргөн утгаараа) хөгжил юм. Бүх хүнд холбоо сүлжээ хэрэгтэй байдаг. Ротари бол бүхий л бизнесийн бүлгийн огтлолцох талбар юм. Түүний гишүүд амьдралын бүхий л замд таарна. Ротаричууд бие биендээ туслаж, нэгдэн нийлж бусдад тусалдаг. 

3. Хувийн өсөлт, хөгжил: Ротаригийн гишүүн байснаар хүмүүс хоорондын харилцаа, хувийн хөгжил тал дээр дээшлэн боловсордог.

4. Манлайлал. Ротари бол манлайлагч нар болон амжилттай хүмүүсийн байгууллага юм. Ротарид үйлчлэх гэдэг бол яг л коллежид сурахтай ижил. Манлайлал: - хэрхэн идэвхижүүлэх, нөлөөлөх болон манлайлагч нарыг манлайлахад суралцана. 

5. Нийгмийн гишүүн байх: Ротаригийн гишүүн байх нь хүнийг нийгмийн илүү сайн гишүүн болгодог. Дундаж Ротари клуб нь ямар ч нийгмийн хамгийн идэвхитэй гишүүдийг эгнээндээ багтааж байдаг. 

6. Боловсролоо үргэлжлүүлэх: Долоо хоног бүр Ротарид хэн нэг нь нийгэм, улс орон, дэлхий дахинаа юу болж байгааг мэдээллэхэд зориулсан хөтөлбөр байдаг. Уулзалт бүр өөр өөр илтгэгч, өргөн хүрээний цаг үеийн сэдвүүдийг сонсох боломж олгодог. 

7. Баяр хөөр: Ротари бол баяр хөөр, маш их баяр хөөр. Уулзалт бүр баяр хөөр. Клубын төслүүд баяр хөөр. Нийгмийн үйл ажиллагаанууд баяр хөөр. Үйлчлэл бол баяр хөөр. 

8. Илтгэх ур чадвар. Ротарид нэгдсэн олон хүмүүс олны өмнө юм ярихаасаа айдаг байсан. Ротари итгэлтэй байдал, олон нийттэй харилцах чадварыг хөгжүүлж, эдгээр чадварт дадлагажих, түүнийг сайжруулах боломж олгодог. 

9. Дэлхийн иргэн: Бүх Ротаричууд “Олон Улсын Ротари” гэсэн тэмдэг зүүдэг. Дэлхий дээр Ротари клуб байдаггүй цөөн газар байдаг. Бүх Ротаричууд 194 үндэстэн болон газар зүйн бүсийн 29000 клубын үйл ажиллагаанд оролцох нь нээлттэйгээр зогсохгүй үүнийг хөхиүлэн дэмждэг. Энэ бол зөвхөн өөрийн нийгмийн төдийгүй дэлхийн хүмүүстэй агшин зуур нөхөрлөнө гэсэн үг юм. 

10. Аялаж байхдаа дэмжлэг авах: Ротари клубүүд дэлхий даяар байдаг тул аялаж байх үед нь эмч, хуульч, буудал, шүдний эмч, зөвлөгөө зэрэг хэрэг болсон олон Ротаричууд Ротаригаар дамжуулан тусламж авдаг. 

11. Зугаа цэнгэл: Бүх Ротари клубүүд болон дүүрэг нь таныг ажлын завгүй амьдралаас чинь түр сатааруулах үдэшлэг, үйл ажиллагааг зохиодог. Ротари нь мэдээлэл, боловсрол, үйлчилгээний хажуугаар зугаа цэнгэл бүхий конференц, ассамблей, хурлуудыг зохион байгуулдаг. 

12. Харилцааны чадвар: Долоо хоног бүр, төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаагаараа дамжуулан Ротари нь хүний хувь хүний чанар, харилцааны чадвар, хүмүүстэй ажиллах чадварын хөгжүүлж байдаг. Ротари нь хүнд хайртай хүнд зориулагдсан. 

13. Гэр бүлийн хөтөлбөрүүд: Ротари нь дэлхийд томдоо тооцогдох залуучуудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, ирээдүйн Ротаричууд болох ахлах сургуулийн болон коллежийн клубуудыг байгуулж , гэр бүлийн хүний оролцох боломжоор ханган, гэр бүлийн гишүүдийн хөгжилд туслах болон гэр бүлийн үнэт зүйлсийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

14. Мэгэжлийн ур чадвар: Бүх Ротаичууд өөрийн ажил мэргэжлдээ өсөлт хөгжих, нийгэмд үйлчилэх, залуучуудыг ажил, мэргэжилдээ сургахад оролдог. Ротари нь хүнийг сайн эмч, хуульч, багш зэрэг сайн мэргэжилтэн болоход тусладаг. 

15. Ёс суртахууны хөгжил: Ротаричууд нь хүний ёс суртахууны стандартыг тусгасан 4 Шалгуурыг баримталдаг. Ротаричууд нь бизнесийн болон хувийн харилцаандаа ёс суртахуунтай байдаг.

16. Соёлын мэдлэг: Дэлхий даяар Ротари нь бүх шашин шүтлэг, улс, соёл, яс үндэс, итгэл үнэмшил, улс төрийн итгэл үнэмшил, хэл, арьсны өнгө болон ёс суртахууны онцлог бүхий хүмүүсийг эгнээндээ нэгтгэдэг. Энэ бол бүх нутаг дэвсгэрийн дэлхийн хамгийн цуутай иргэдийн огтлолцох хэсэг юм. Ротаричууд нь бусдын соёлйн талаар мэдлэгтэй болж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй ажиллаж, нөхөрлөж (хайрлаж) сурдаг. 

17. Нэр хүнд: Ротаригийн гишүүд бол цуутай хүмүүс: бизнес, мэргэжил, урлаг, төр, спорт, цэрэг, шашин болон бүхий л салбарын манлайлагчид. Ротари бол дэлхийн хамгийн ууган бөгөөд хамгийн нэр хүнд бүхий клуб юм. Энэ нь захирлууд, менежерүүд, мэргэжлийн хүмүүс зэрэг шийдвэр гаргадаг, бодлогод нөлөөлдөг хүмүүсийг нэгтгэдэг. 

18. Сайн хүмүүс: Ротаричууд бол юуны түрүүнд сайн хүмүүс – дэлхийн хамгийн сайн хүмүүс. Эдгээр хүмүүс бол чухал хүн байх нь сайхан ч, сайн хүн байх нь илүү чухал гэдэг зарчмыг дагадаг чухал хүмүүс юм. 

19. “Албан ёсны итгэл үнэмшил”-гүй байх: Ротарид нууц гар барилт, нууц бодлого, албан ёсны итгэл үнэмшил, нууц уулзалт эсвэл зан үйл гэж байдаггүй. Энэ бол зүгээр л бусдад туслаж байгаадаа итгэдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэгдэл юм. 

20. Үйлчлэл үзүүлэх боломж: Ротари бол үйлчлэл үзүүлдэг клуб. Түүний бизнес нь хүн төрөлхтөн. Түүний бүтээгдэхүүн нь үйлчилгээ. Ротаричууд нь зөвхөн орон нутагтаа төдийгүй олон улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг. Энэ бол магадгүй Ротаригийн гишүүн болох хамгийн гол шалтгаан байж болох юм: хэн нэгний төлөө ямар нэг юм хийх боломж, энэхүү үйл явцын үед өөрийгөө сайжруулах боломж, түүнээс хүний өөрийн амьдралд буцаж ирэх сэтгэл ханамж. Энэ бол үнэхээр ашиг тустай зүйл.

Feb 5, 2014

Бидний тухай хэд хэдэн сайтуудад ингэж нийтлэгджээ.

"Чихэнд хэдийн танил сонсогдох болсон “Ротари Интернэйшнл” олон улсын байгууллага нь дэлхийн хvмvvсийн сайн сайхан, энх амгалангийн төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдгvvдийг эгнээндээ нэгтгэсэн хvмvvнлэгийн vйлчилгээг дэлхийн өнцөг буланд хvргэж ирсэн уламжлалтай.

Тэгвэл тус байгууллагын залуу үе болох “Монголын Ротаракт” клубынхан Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой айл өрх, азай буурлуудад цагаан сарын баярын хүрээнд “Сэлбэ Ротаракт клуб” нь 2011 оноос эхлэн “Халуун сэтгэл” төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

 Өнгөрсөн гурван жилийн хугацаанд уг байгууллагынхан нийт 150 айл өрхөд удаан хугацааны хадгалалтыг даах чадвартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг бэлэглэн энэхүү буяны арга хэмжээг зохион байгуулж ирсэн аж.

Уламжлал ёсоор уг арга хэмжээний хүрээнд XVII Жарны Модон морь жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монголын нийт есөн "Ротаракт" клуб хамтран “Халуун сэтгэл III” аянг ”Номин Холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд болох УИД, Хорооллын Номин, БЗД Сандейн Номин, ХУД Номин зэрэг дэлгүүрээр зогсч сайхан сэтгэлт монголын ард түмнээсээ удаан хугацааны хадгалалтыг даах чадвартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг цуглуулжээ.

Улмаар сар шинийн өмнөхөн тэдгээр клубын залуус дээрх цуглуусан хүнсний бүтээгдэхүүнээ СХД, БЗД, Налайх, Дэнжийн мянга зэрэг газруудад амьдардаг эмзэг бүлгийн нийт 120 айл өрх, ахмадууддаа хандивийн зүйлсээ тарааж буян үйлджээ.

Уг байгууллагын сайхан сэтгэлийн аяныг дэмжсэн "Номин Холдинг" ХХК, "Өгөөж Чихэр" Боов ХХК, "Өгөөмөр хэвийн боов" зэрэг байгууллагад талархал илэрхийлж буйгаа цахим мэдээллээр дамжуулан уламжиллаа.

Дашрамд дурдахад, Монголын Ротаракт клубийн залуус ажил мэргэжлийн ур чадвар, манлайлал, нийгмийн сайн сайханд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг гүйцэтгэх зорилгоор нэгдсэн сайн дурын байгууллага юм байна."

Эх сурвалж:
  1. http://read.dorgio.mn/41765.html 
  2. http://www.bataar.mn/10019689 
  3. http://www.shuud.mn/?p=326380 
  4. http://www.news.mn/content/169614.shtml  
  5. http://www.eagle.mn/content/read/12343.htm
 

Feb 2, 2014

Зарим үйл ажиллагаа болон төслүүдийн бичлэг.

Халуун сэтгэл аяны эхний ажил болох бараа бүтээгдэхүүн цуглуулах ажил нэг иймэрхүү.

Feb 1, 2014

Клубын хийсэн,санаачилсан төсөлүүд болон арга хэмжээнүүд


1. Манай Өргөө ротаракт клуб 2013.02.21 байгуулагадаад Хамгийн анхны үйл ажиллагаагаа INTERNATIONAL WOMEN’S DAY” 3.08нд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр клубын ээж болон эмээ нарыг баярлуулав. Энэхүү үйл ажиллагаа нь клубын гишүүдийг гэр бүлийхэнд нь ямар клубд явдаг тухай танилцуулах зорилготой байсан.


 2.Манай Өргөө ротаракт клуб INTERNATIONAL CHILDREN’S RIGHT SAVING DAY IN 1ST OF JUNE 2013” хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 87-р дунд сургуулийг сонгон авч, тухайн сургуулийн сурагч хүүхдүүдтэй нэгэн өдрийг дурсгалтайгаар хамтдаа өнгөрүүллээ. Хотын захын сургуулийн тэр дундаа амьдралын баталгаажих түвшнээс доогуур айлын сурч боловсрох чин хүсэлтэй, авъяас чадвартай хүүхдүүдийг сонгон авсан нь бидний хувьд ирээдүйд тухайн хүүхдүүдээ мэдлэг чадвартай "Зөв хүн" болж төлөвшихөд байнга хамтран ажиллах урт хугацааны төслөө эхлүүлж байгаадаа баяртай байна.



 3.ROTARACT BASKETBALL COMPETITION-2013 тэмцээнийг бид амжилттай зохион байгууллаа.Энэхүү тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин идэвхитэй оролцож нэгэн өдрийг эв нэгдэл, спортлог өнгөрүүлэн Монголын нийт 9 Ротаракт клуб оролцлоо. Энэхүү тэмцээн нь Монголын Ротаракт залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний биеийн тамир спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, сагсан бөмбөгөөр дамжуулан илүү ойр дотно нөхөрлөх зорилготой байлаа.



Манай Өргөө клуб 2дугаар байр эзлэв


 4. Энэ хорвоо дэлхий дээр хүн болж төрөөд заавал хийх ёстой зүйлсийн нэг нь мод тарих байдаг юм гэнэ лээ.Дараагийн нэгэн үйл ажиллагаа болох 2013.10.20 нд  иргэн хүний нэгэн үүрэг болох байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үүргийнхээ нэгэн хэсгийг биелүүлэн 2 клуб маань мод тарин энерги, эрч хүчээр дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүлллээ. Энэхүү мод тарих үйл ажиллагаанд ротаракт клубээс нийт 10 залуучууд, Ротари клубээс 9 хүн нийлээд 19 хүний бүрэлдэхүүнтэй “ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЪЯ” уриан дор 108 ширхэг модны үр суулган байгаль дэлхийдээ өөрсдийн багахан хувь нэмрээ оруулцгаалаа.








 5. Өргөө Ротаракт клуб-н "ӨНӨӨДРИЙН СОНГОЛТ ИРЭЭДҮЙН БОЛОМЖ" төслийн маань үйл ажилллагаа амжилттай зохион байгуулагдаж анхны сургууль болох "Эрдэм төгс" ахлах сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.Хүүхдүүд маань үнэхээр сайхан хүлээн авч, ойр дотно харилцааг бий болгон, цаашид илүү олон дунд сургуулиа дөнгөж төгсөж буй хүүхэд залууст мэдээлэл хүргэх урам зориг авсан өдөр байлаа.  




 6.Cîíãèíîõàéðõàí äүүðãèéí 12-ð õîðîîíû амьжиргааны баталгаажих түвшинээс доогуурх айл өрхийн хүүхдүүд, бүтэн болон хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ХҮҮХЭД БҮРИЙН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА төслийн хүрээнд өвлийн үлиралд дулаан өсч бойжиход туслах үүднээс өвөл, хавар намрын гадуур, дотуур хувцас, гутал зэргийг тараахаар төлөвлөж байна.





7. Монголын бүх Ротаракт клубүүд хамтран "ЭРГЭЛТЭЭР ИТГЭЛ БЭЛЭГЛЭЕ-2013" аяныг 11 сарын 2-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн 9 дүүргийн эмнэлэгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа ар гэрээс нь эргэлт ирдэггүй, ар гэрийн анхаарал халамж сул өвчтөнүүдийг эргэж сэтгэлийн дэм өгөх зорилготой байлаа.




   Өргөө ротаракт" клуб болон "Туул ротаракт" клубууд хамтран Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очин хүнд өвчтэй сэхээний тасагт байгаа, элэгний серозтэй хөдлөхөд ч хүндрэлтэй, эргэлт ховорхон ирдэг гээд л хүмүүс дээр очиход баярласан, сэтгэл нь хөдөлсөн, уйлсан, баярлахдаа өөртөө байгаа чихрээрээ дайлсан гээд л зөндөө сайхан мэдрэмжүүдийг энэхүү өдөр авч чадлаа.Бидний энэхүү үйл ажиллагаа олон хүнд итгэл найдвар өгсөн гэдэгт итгэлтэй байна.
Цаашдаа Бид олон сайхан зүйлсийг хамтдаа хийж бүтээх хүсэл эрмэлзэлээр дүүрэн байна.






8. Ирж буй XVII Жарны Модон морь жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монголын нийт есөн Ротаракт клубүүд хамтран “ХАЛУУН СЭТГЭЛ III” аянг 2014 оны 01-р сарын 22-25-ны өдрүүдэд 18:00-22:00 цагийн хооронд ”Номин Холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүдээр зогсч сайхан сэтгэлт монгол ард түмнээсээ удаан хугацааны хадгалалтыг даах чадвартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг цуглуулахаар болов.


Энэхүү үйл ажилгаанд манай гишүүд 3 н өдрийн турш 13 ийн номин дэлгүүр дээр зогсон ажиллаж 100 гаруй хүнээс 153 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн цуглуулсан юм. Миний хувьд анх удаа ийм ажил хийж үзсэн бөгөөд их сонирхолтой хөгжилтэй байсан юм.Дашрамд бараа бүтээгдэхүүн хандивласан хэрэглэгчиддээ баярлалаа.




Номингийн салбарт ажилласан эхний баг




Бараа цуглуулах ажилаа амжилттай дуусгалаа. Одоо эдгээр барааг ялгаж хувиарлах ажил үлдсэн билээ.







 Нийт 25 айл өрхөд өгөхөөр хувиарлав


1.      Бид "Өргөө" ротарийнхаа ах эгч нартайгаа илүү ойр дотно харилцааг бэхжүүлэх, нэгэн гэр бүл болох, ирээдүйд хамтдаа олон зүйлийг хийж бүтээх зорилгоор Тэрэлж рүү салхинд нэгэн өдрийг гэр бүлтэй нь олуулаа өнгөрүүлэн Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр, “МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДӨР”-г хамтдаа өнгөрүүллээ.
Дэлхий дахин Монгол үндэстэнг Чингис хаанаар нь, морьтон нүүдэлчин гэдгээр нь сайн мэддэг.

 Дэлхийн талыг дагуулж явсан эзэн Чингис хаан монгол мориороо ертөнцийг тамгалсан хэмээсэн түүх байдаг.Монгол хүн бүр өөрийн эх түүхээ мэдэн, өв уламжлал, ёс заншлаараа бахархан энэхүү өдрийг өнгөрүүлж байхаар болсон билээ.
 
Бид Өргөө ротарийнхаа ах эгч нартай болон гэр бүлтэй нь хамт Монголын ард түмний бахархал нь болсон Эзэн "Чингис хааны" бага нас, байлдан дагуулалтыг Морьтон баатруудын хамт уян яруу, авхаалж самбаа, хурд хүчээр илтгэн харуулсан нэгэн гайхамшигт тоглолтыг үзэн сонирхлоо.
Монгол хүн бүр энэхүү тоглолтыг үзэн сонирхож, Монгол түүх соёл, урлагаараа бахархах сэтгэл төрнө гэдэгт итгэлтэй байна.